ТӨСӨВ: УИХ-ЫН ГИШҮҮД ХҮҮХЭД ХАМГААЛАХ АЖЛААС МӨНГӨ ХАРАМЛАЖ ӨӨРСДИЙНХӨӨ МӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

-САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ӨӨРИЙНХӨӨ ТОЙРОГТ
54 ТЭРБУМ ТӨГРӨГ СУУЛГАВ-

УИХ-аар 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Монгол улс түүхэндээ хамгийн их буюу 11 их наядын орлогыг 2019 онд захиран зарцуулна. Гэвч энэ их мөнгийг үр ашиггүй үрэн, таран хийж дуусгах нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн барьсан 2019 оны төсвийн төслөөс харагдаж байгаа юм.  

“Хувиарлалт нь шог” байна гэдэг шиг аймаг бүрт харилцан адилгүй төсөв хувиралсан нь Сангийн яамыг судалгаагүй ажилладаг гэдгийг харуулж байна хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж буй. Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “152 дэд сайд, орлогчийн олон тэрбумыг үрсэн үрэлгэн зардлуудаа хасаад нийгмийн тулгамдсан асуудлуудад хуваарилах ёстой байсан. Нийгмийн үрэлгэн зарлагаа хасаад томоохон бүтээн байгуулалтад зарцуулах зөв төсвийг батлах ёстой ч буруу төсөв рүү явлаа. Энэ их хуралд дутуу бодлоготой, хууль зөрчсөн төсөвтэй нөхцөлтэй сүүлийн төсвөө хэлэлцэж байна. Тиймээс төсвийн төслийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өөр арга алга. Гэр хорооллын айл өрхөд ипотекийн зээлд 130 тэрбумыг тусгана гэсэн заалт энэ төсөвт орсонгүй.  Энэ төсөвт орон сууцтай айл өрхүүдэд энэ зээлийг олгохоор болж байна.  Дэд бүтцэд холбогдсон гэр хорооллынхонд амины орон сууц барих зээл олгоно гэж байгаа.  Ингэж ард түмнээ доромжилж болохгүй шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хөрөнгө оруулалтынхаа хүрээнд оновчтой хийгээрэй, тэгш шударга байдлыг хангаж өгөхийг хүссэн. Үндсэн хуульд аливаа хүнийг ялгаварлан гадуурхах ёсгүй гэж заасан байдаг. Манай тойргийн хөрөнгө оруулалтын хэмжээг Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарынхтай харьцуулаад үзээрэй. Харьцангуй өөр нөхцөл байдалтай байгаа” гэж хэлэв. 

Энэ мэт гомдолтой гишүүн олон. Аргагүй, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тойрогт 54 тэрбум, нийслэлийн гишүүдэд нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн шүү дээ.

МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригт шөнө дөл болтол хуралдаж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатын гэх 54 тэрбум төгрөгийг хассан. Утаа шүүгч төхөөрөмжид их хөрөнгө зарсан ч үр дүнгээ өгөх эсэх нь тодорхойгүй байгаа учраас Н.Цэрэнбат сайдын захиран зарцуулах 54 тэрбум төгрөгийг хасах нь зүйтэй, тэгээд ч олон нийт эсэргүүцээд байгаа учраас хасъя гэх саналд хүрсэн аж. Харин гомдолтой байгаа Д.Оюунхорол нарынхаа гомдлыг тайлснаар нөгөөдүүл нь хэрүүл, тэмцлээ зогсоосон байгаа юм.

-ЗУРАГ ТӨСӨЛГҮЙ БАРИЛГА УУ АЖ, ҮЙЛДВЭРИЙН КОМБАНИТ УУ –

Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж алдаа гаргасан, 2020 оны сонгуульд зориулж шаардлагагүй ажилд хэт их мөнгө зарсан, зарлагаа зөв тооцоолоогүй нь гэх шүүмжлэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга шүүмжилж байгаа.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны салбарын нэгдсэн конторын барилгад дөрвөн тэрбум 278 тэрбум төгрөг, Ховд аймгийн Жаргалант сум, Хэнтий аймгийн Хэрлэн суманд Татварын хэлтсийн барилга барих, Төрийн ордны дахин төлөвлөлтийн зураг 1.1 тэрбум гэх мэтчилэн барилга барих ажилд олон тэрбумыг төсөвт суулгасан байна. Цаашилбал, УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрог буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хүнсний ногооны зоорь барихад 413 сая төгрөг, Говь-Алтай аймгийн Бугат суманд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тойрогт 250 сая төгрөгөөр спорт заал барихаар төсөвт суулгажээ. Энэ мэт 500 барилгын 375 нь зураг төсөлгүй орж иржээ. Энэ мэт үрэлгэн зардлыг танаагүй мөртлөө аж, үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх асуудалд нэг ч төгрөг суулгаагүй байна гэдэгт шүүмжлэлтэй хандах хүмүүс байгаа юм.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс дарга нарын хэт үрэлгэн зардлыг танасан мөнгөөрөө аж үйлдвэрийн комбинат барих нь зүйтэй гэдэг саналыг гаргаад буй. Тэрбээр төсвийн асуудлаар УИХ-д хүргүүлсэн албан бичигтээ “Ноолуурын анхан шатны үйлдвэр ядаж нэг аймагт хоёрыг байгууллаа гэхэд 42 үйлдвэртэй болно. Үүнийг нь утас болгодог үйлдвэр утсыг нь аваад цамц хийдэг үйлдвэрүүд гээд бодохоор энэ тоо улам нэмэгдэнэ. Тиймээс орон нутагт ажлын байр олноор бий болгочихвол хот руу хошуураад байх шаардлагагүй болно. Үүний цаана замын түгжрэл, утаанаас эхлээд олон зүйл яригдана. Эхний ээлжинд төсвөөс 15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүд байгуул” гэсэн билээ. Тиймээс нийслэлийн есөн дүүргийн 23 орлогчид цомхотгол явуулахаас хэмнэлтийг эхлүүлж түүгээрээ үйлдвэр барих ёстой гэж үзэж байгаа юм. 

-УИХ-ЫН ГИШҮҮН БҮРТ ТАВАН ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГӨХ САНАЛ ДЭМЖИГДЭВ-

Мөн ирэх онд “Гишүүний” гэх мөнгө 5000 дахин өссөн байгаа юм. Энэ жил УИХ-ын гишүүн бүрт таван тэрбум төгрөгийг нь өөрийнх нь мэдэлд өгч буй. Тус мөнгөөр гишүүд тойрогтоо ажил хийнэ гэж тайлбарлаж буй ч ажил хийхгүй байж ч бас болох юм. Өөр хэлбэл уг мөнгийг юунд, хэрхэн зарцуулах нь гишүүдийн өөрийнх нь мэдэх асуудал гэсэн үг.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар “2000 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа гишүүдийнхээ амыг таглахын тулд нэг сая төгрөгний “гишүүний мөнгө” гэх зүйлийг эхлүүлсэн. 2012-2016 онуудад байхгүй байж байгаад дахин буцаад сэргэж байна. УИХ-ын гишүүнийг хэдэн байшин шомбойлгосон бэ гэдгээр нь дахин сонгохгүй. Харин эсрэгээрээ 80 сая малыг маллаж байгаа 160 мянган малчин өрхийн түүхий эдийг нь худалдаж авдаг үйлдвэрүүдийг байгуулбал сонгогчид дахин саналаа өгнө. Түүнээс багийн төв шомбойлгож, суманд спорт заал, цэцэрлэг бариад санал авна гэж буруу бодоод байгааг нь шууд хэлсэн. Хэрэв тэгдэг байсан бол эрх баригч хүчин үргэлж дахин сонгогдоно” гэсэн билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс 2018 оны гүйцэтгэл болох 9.6 их наяд төгрөгөө 10 хувь буюу 960 тэрбум төгрөгөөр хэмнэхийг уриалж байгаа. Цаашлаад цомхотголоо явуулж, үр ашиггүй зардлаа хэмнэн, томилолтын зардлаа хасч, дэд сайд, орлогч дарга нарын цалин, машин, байшин худалдаж авдаг мөнгөнөөс 15 хувийн хэмнэлт хийж болно гэж үзэж байгаа. 

-АЛЬ ЗАРДЛЫГ ТАНАЖ, ЯМАР АЖИЛ ХИЙЖ БОЛОХ ВЭ-

Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжүүлэх зардлыг 129.219.9 сая төгрөгөөр, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ барилга байгууламж мөн Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77.315.2 төгрөгийн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12.000.0 сая төгрөгөөр, нийт 263.219.9 сая төгрөгөөр зардал бууруулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан нь олон нийтийн дэмжлэгийг аваад байна.

Энэхүү хэмнэсэн мөнгөөрөө хүүхэд хамгаалахад 5.600.0 сая, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээл олголтод зориулж 47.000.0 сая төгрөгөөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 8.0 тэрбум төгрөгөөр, Хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөн олговрын санхүүжилтэд зориулж 5.0 тэрбум төгрөгөөр тус, тус нэмэгдүүлэх шаардлагатай  гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзжээ.  

Харин Засгийн газар болон олонхийн бүлэг шаардлагагүй ажлын төсвөө танахгүйгээр энэ чигээр нь батлуулна хэмээн зүтгэж байгаа аж.  

http://www.medee.mn Т.ХУЛАН