Ford, Apple компани яагаад Америк руу буцах сонирхолгүй байна вэ?

Саяхан Harley-Davidson, Mid Continent Nail групп АНУ-аас гарч, өөр оронд үйлдвэрлэл явуулж эхэлсэн бол одоо Ford, Apple үйлдвэрээ Америк руу нүүлгэх дургүй байна. Худалдааны дайн тасралтгүй шат ахиж байгаа үед Америкийн аж ахуйн нэгжүүд зах зээлийн дүрэм журамд нийцсэн сонголт хийж буй нь энэ юм.  

Америкийн хэвлэлийн мэдээлснээр, АНУ Хятадаас экспортлох 50 тэрбум долларын үнэ бүхий бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авах болсноор саяхан 114 жилийн түүхтэй Ford компани Хятадад үйлдвэрлэсэн суудлын авто машинаа Америкийн зах зээлд борлуулах төлөвлөгөөгөө араггүй цуцалжээ. Учир нь АНУ-ын гаалийн татварыг нэмбэл Ford машиныг тус улсын зах зээлд өндөр үнээр борлуулах хэрэгтэй болно гэж үзсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээгээр Ford компани машинаа Америкт үйлдвэрлэж болно, тэгвэл ямар ч гаалийн татвар төлөхгүй гэжээ. 10-нд Ford компани, энэ загварын авто машиныг Америкт үйлдвэрлэх төлөвлөгөөгүй байна гэсэн хариу өгсөн юм.  

Америкийн технологийн хамгийн том компани Apple ч саяхан Америкийн худалдааны төлөөлөгчийн тамгын газар луу захиа илгээж, АНУ Хятадаас импортолж буй 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авбал манай бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж, дэлхийн өрсөлдөөнд ашиггүй болно гэсэн юм. Д.Трампын уриалгын дагуу Америкт үйлдвэр байгуулан гаалийн татвараас зайлсхийх эсэх тухай судлаачид хэлэхдээ: Apple компани тэгэхгүй. Учир нь тэгвэл өөрийн өртөг нь нэмэгдэж, өрсөлдөх хүчийг нь сулруулна гэжээ. 

Ford бол “Америкт үйлдвэрлэв”-ийн хуучин брэнд, Apple бол “Америкийн технологийн” манлайлагч билээ. Тэд үйлдвэрлэлээ Америкт аваачих сонирхолгүй байгаа нь АНУ-ын засгийн газартай сөргөлдөж байгаа хэрэг биш, харин эдийн засгийн даяаршлын нөхцөлд бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэж угсрах нь үр ашгийг нэмэгдүүлж, өөрийн өртгийг хянан, илүү их ашиг хүртэж, хөгжлийн улам их орон зайтай болох юм. 

Авто машины салбарт, Хятад улс 9 жил дараалан дэлхийн хамгийн том авто машины борлуулалтын зах зээл болсон. Энэ оны эхний хагаст Хятадын авто машины борлуулалт дэлхийд тэргүүлж, 12 сая 230 мянган авто машин борлуулжээ. Ford-ын F загварын авто машин олны сонирхлыг хамгийн их татаж, 540 мянгыг борлуулсан байна. Ийм зах зээлийг ямар аж ахуйн нэгж орхиж чадахгүй билээ. 

Технологийн салбарын хувьд, Хятад улс дэлхийн электрон технологийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд чухал байр суурь эзлэх боллоо. Apple компанийн 2018 оны дэлхийн 200 ханган нийлүүлэгчээс Хятадын эх газар, Хонконгод 34 ханган нийлүүлэгч байгаа бөгөөд ноднин 7 аж ахуйн нэгж нэмэгдсэн. Үүнд Хонконгийн ханган нийлүүлэгч 7 аж ахуйн нэгжийн 21 аж үйлдвэр Хятадын эх газарт байдаг. Ажиллах хүч хямд, бизнесийн орчин улам сайжирч, өдөр ирэх тусам дээшилж байгаа хөдөлмөрийн үр ашиг зэрэг нь Apple компанийг Хятадыг сонгохоос өөр аргагүйд хүргэжээ.  

Ford, Apple-ын сонголт, худалдааны дайны аргаар аж ахуйн нэгж, ажлын байрыг Америк руу буцааж авчрах гэсэн нь бүтэлгүй оролдлого бөгөөд их дарамт үзүүлбэл гадагш нүүн шилжих буюу буцах санаагүй аж ахуйн нэгж улам олширно гэдгийг тэдэнд тод харууллаа. Эдийн засгийн даяаршлын нөхцөлд Хятад шиг ийм том зах зээл олоход бэрх. Хятадад дэлхийн олон газраас ирсэн технологийн ажиллах хүч, инженер, судалгааны багаас гадна олон орны аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад дэд бүтцийн тоног төхөөрөмж, ложистик зэрэг үйлдвэрлэлийн зайлшгүй хүчин зүйлээр үйлчилдэг. 

Хятадын Гуандүн мужид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, том оврын нефть химийн төсөл хэрэгжүүлнэ гэж саяхан Америкийн түүхий нефтийн хамгийн том Exxon Mobil компани мэдэгдсэн нь үүний нэг жишээ боллоо. Дэлхийн том аж ахуйн нэгжийн хувьд аварга том болж, дэлхийд тэргүүлэх өрсөлдөх хүчтэй болъё гэвэл нэг хот, нэг орон, нэг бүс нутгаар хязгаарлахгүй, дэлхий дахинд хандан, зах зээл хайж, хүн төрөлхтөнд үйлчлэх үйл явцдаа өргөжин тэлэх шаардлага гардаг юм.