Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Шинэ сайд томилогдох хүртэл ЗТХ-ийн сайдын ажлыг Шадар сайд Ө.Энхтүвшин түр гүйцэтгэх болжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж, согтууран хоорондоо маргалдаж нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан бол өнөөдөр өглөө Улаанбаатараас Сайншанд чиглэлийн суудлын галт тэрэг осолдож, 100 гаруй зорчигч эмнэлгийн тусламж авсан бол 2 хүний биеийн байдал хүнд байгаа ноцтой осол болсон юм.
Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар Ёс зүйн хариуцлага хүлээж огцрох өргөдлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр өгч, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна.