“Хулгар шарын домог” багачуудын гар дээр очлоо

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Г.Сүхзоригийн “Хулгар шарын домог” хүүхдэд зориулсан комикс ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номд монгол домгийн баатрууд амилж, биеэ хэрхэн олж нөхөрлөн эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил сорьсон хүнд бэрх аялал, гайхамшигт адал явдлыг туулж байгаа тухай өгүүлжээ.

Хүүхэд багачуудын танин мэдэхүйн хүрээг тэлж, түүх, соёл, зан заншил хийгээд сав, шимийн ертөнцийн зүй тогтол, байгалийн хууль, ан амьтдын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ өрнө, дорно болон монгол домог зүйн сэтгэлгээг сүлэлдүүлэн хийсвэр, бодит ертөнцийг сэлгэн өрнөх өгүүлэмж бүхий энэхүү сонирхолтой номыг өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд болох номын баярын үеэр хямдралтай үнээр худалдаалах юм байна.

“Хулгар шарын домог” ном цаашид цувралаар үргэлжлэн гарах бөгөөд энэхүү төслийг “Нүүдэлчдийн уран бүтээл” холбоо “Nomadic content” продакшнаас санаачлан Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.