“ОЮУТНЫ СПОРТ”-ЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ ХУРАЛ БОЛНО

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 4 сарын 20-21-нд олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний 8 дугаар их хурлын зохион байгуулагдана. Хурлын үйл ажиллагаанд оролцохоор 17 орны их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэн, доктор, ректор захирлууд биечлэн Монгол оронд хүрэлцэн ирнэ.

 

 

Хурлыг Олон улсын спортын их, дээд сургуулийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас (ҮБТДС) эрхлэн явуулж байна. Хурлын үйл ажиллагаа 4 сарын 20-ны 09:00 цагаас “Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын бага танхимд нээлтээ хийн нэгдсэн хуралдаан болох бол үдээс хойш нь салбар хуралдаан 5 хэсэгт хуваагдан МУИС-ийн шинэ номын санд үргэлжлэн явагдах юм.

Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэхэд спортын үүрэг байр суурь чухал бөгөөд түүний дотроос оюутны спорт нь томоохон бүрэлдэхүүн хэсэг юм.“Оюутны спорт” гэдэг нь мэргэжлийн боловсролын их, дээд сургуульд суралцагчдын бие бялдар, бэлтгэлжилтийг сайжруулах, спортыг хөгжүүлэхийн сургууль, байгууллагын зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа ба оюутныг олон улсын арга хэмжээ,  спортын тэмцээн, биеийн тамирын арга хэмжээнд  бэлтгэх үйл явцыг хэлдэг байна.

Энэхүү эрдэм шинжилгээний их хуралд ОХУ, БНХАУ, Латви, Казахстан, Тажикстан, Украин, БНСУ, Япон, Армен, Узбекстан, Болгар, Беларусь зэрэг орноос алдартай эрдэмтэд ирж нэгдсэн хуралдаанд илтгэл тавина. Тэдний дотроос Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн,  Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Гүйцэтгэх хорооны гишүүн, академич, доктор (Sc.D), профессор К.К.Закирьянов, ОХУ-ын Москва мужийн Биеийн тамирын их сургуулийн ректор, ОХУ-ын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор С.С. Сейранов, Казакстаны Биеийн тамирын их сургуулийн тэргүүн дэд ректор доктор, профессор ..Махаганов, Украины Биеийн тамирын их сургуулийн профессор, доктор (Sc.D), академич В. Н. Платонов, Тажикстаны Биеийн тамир, спортын дээд сургуулийн ректор, доктор, профессор Ш.А. Сафаров зэрэг дэлхийн спортыг тэргүүлэх онолч, эрдэмтэд энэхүү хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхээр болжээ.

Хурлын материалд 319 судлаач түүний дотроос 240 гадаадын 79 Монгол улсын залуу судлаач нарын хамтарсан болон 148 илтгэлийн бүтээл ирснээс гадаадын 119 илтгэл,  дотоодын 29 илтгэл ирж тэдгээр нь гадаадын 37 их, дээд сургууль, дотоодын есөн их, дээд сургуулийн илтгэгч нар оролцох бүртгэл тооцоо гарчээ. Эдгээр залуу судлаач, оюутан, магистр, докторантын илтгэлүүдийг багтаасан 502 хуудас бүхий эрдэм шинжилгээ, судалгааны эмхэтгэл бүтээл гарч байгаа нь Монгол Улсад болсон спортын хамгийн том цар хүрээтэй эрдмийн хурал болж байгааг илтгэж байна

Энэхүү олон улсын нэр хүндтэй томоохон их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГазар, их, дээд сургуулиудын захирал, биеийн тамирын тэнхимийн эрхлэгч нар, спортын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч, оюутан залуучууд урилгаар оролцоно. Нээлтийн ёслолд Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн, академич К.К.Закирьянов, МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Үндэсний БТДС-ийн ТУЗ-ийн дарга Г.Даваасүрэн нарын зэрэг зочид оролцон баяр хүргэн үг хэлэх юм.  Хурлын нээлтийн ёслолын үеэр гадаад дотоодын эрдэмтэн нарт “Үндэсний БТДС”-ийн хүндэт докторын эрдмийн зэрэг цол, дэд профессор цол олгох ёслол, зочид төлөөлөгчид зориулсан оюутны урлагийн тоглолт болох юм. Нээлтийн ёслолтой хамтатган хурлын нэгдсэн хуралдаан болж ҮБТДС-ийн захирал, хурлын Зохион байгуулах хорооны дарга, доктор (Sc.D) профессор Л.Алтанцэцэг “Дээд боловсролын байгууллага дах биеийн тамир, спортын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан “Оюутны спортын хөгжлийн өнөөгийн байдал, дүгнэлт, хийх ажил” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлэх юм.

Эрдэм шинжилгээний их хурал нь оюутны спортын хөдөлгөөний туршлага, асуудал, хэтийн төлөв; БТС-ын анагаах ухаан, биологийн асуудлууд; БТС-ын онол арга зүй ба сэтгэл судлалын асуудал; БТС, аялал жуучлал, спортын үйлчилгээ, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал; оюутны спортын удирдлага, зохион байгуулалтын асуудлууд гэсэн таван дэд сэдвийн хүрээнд салбар хуралдаан үргэлжлэн явагдаж, санал дүгнэлтээ гарган, спортын гурван залуу судлаачыг шалгаруулан урамшуулах юм.                                     

ОЛОН УЛСЫН СПОРТЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ХОЛБОО

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИРЫН ДЭЭД СУРГУУЛЬ