Т.Мөнхтунгалаг: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт ХОМ-ээ мэдүүлээгүй


Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан хэвлэлийн хурлаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг дараах мэдээллийг өгөв.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ёстой байсан. Эндээс хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан байна. Авлигатай тэмцэх газарт төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэх ёстой. 271 өндөр албан тушаалтан мэдүүлгээ АТГ-т бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт байгаа юм. Тодорхой шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй. АТГ хуульд заасан үүргийг сануулж СЕХ-ны дарга болон эрх бүхий албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй. Түүнээс гадна Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Тиймээс хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой.


2017 онд 11 мянган төрийн албан хаагчийн ажлын байранд шилжилт хөдөлгөөн хийгджээ

2017 оны зарим тоо баримтыг маш товчоор мэдээлье. Төрийн албанд 2017 онд шинээр болон дэвшин, мөн сэлгэн томилогдсон 11115 хүний урьдчилсан мэдүүлгийг АТГ хянаж үзээд хариуг зохих байгууллагад нь хүргүүлсэн. Эндээс дүгнэж үзвэл 2017 онд 11 мянга орчим төрийн албан хаагчийн ажлын байранд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг. Энэ тоог 12 сард хувааж авч үзвэл нэг сард дунджаар 1000 орчим ажлын байр, албан тушаалын хөдөлгөөн хийгдэж байна гэж ойлгож болох юм. Үүнийг дагаад АТГ-ын хяналт шалгалтын ажлын ачаалал ч бас нэмэгдэж байгаа гэж үзэж болно.
Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдийн хяналт хэрэгжиж эхлээд байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд Авлигаас урьдчилан сэргийлэх Иргэдийн хяналтын зөвлөлийн 41 нэгжид 168 иргэн ажиллаж байгаа. Энэ 168 иргэн нь төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл, эдгээр 168 иргэн цаашид төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, төрийн албан тушаалтны ёс зүй, хөрөнгө, орлого зэргийг хянах Иргэдийн хяналтын зөвлөл болж ажиллана. Нэр томъёоны давхцал үүсээд байгаа тул Олон нийтийн зөвлөлөөс ялгаж Иргэдийн хяналтын зөвлөл гэж нэрлэж байгаа юм.

44 хүнд холбогдох 34 хэргийг прокурорт шилжүүлсэн

2017 онд мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой зарим нэг үзүүлэлтүүдийг тусгайлан танилцуулъя. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар өссөн. Мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ мөн өссөн. 84 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцэн хохирол нөхөн төлүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэн хамгаалах ажиллагааны дүн ч бас өссөн байгааг та бүхэн дэлгэцээс харж байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. Ингэхээр нийтдээ 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.
2018 оны эхний 2 сарын байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 31 хэргийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Шинээр 19 эрүүгийн хэрэг хүлээн авсан байна. Одоо 237 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АТГ 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 44 хүнд холбогдох 34 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Энэ 34 хэргээс 21-ийг нь 2018 оны 2 дугаар сард шилжүүлсэн байна. Гэх мэтээр гааль, нийгмийн даатгал, цагдаа, аймаг орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудад холбогдох 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. Үүний зэрэгцээ цагдаагийн алба хаагчид холбогдох хэргүүдийг шилжүүлсэн байна.