Ипотекийн зээлийн ШИНЭ хувилбар ямар байх вэ

ТӨВ БАНК МӨНГӨ ХЭВЛЭЖ БАЙЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ИРЭХ ДӨРВӨН ЖИЛИЙН ӨНГИЙГ ШИЙДЭХ ҮҮ

Ипотекийн зээл зогсоно, зогсохгүй гэх яриа сонгуулиас хойш олны ам дамжин яригдаж байна. Сайд нарын томилгооны үеэр гишүүд ипотекийн зээлийн асуудлаар янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Эрх баригч намын зарим гишүүд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудалд судалгаатай хандахыг сануулсан бол Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, Б.Жавхлан гишүүн АН-ын эхлүүлсэн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгдсэн юм.

Учир нь, орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг нийгмийн даатгалын сангаас шийдэх зохицуулалтыг өмнөх УИХ тогтоолоор баталсан. Тэгэхээр энэ төрлийн зээл цаашид хэрэгжээд явахад нэг их асуудал гарахгүй гэсэн үг. Шинэхэн салбарын сайд нь ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг нухацтай судална. Монголбанкин дээрх эх үүсвэрийг хянана гэсэн хариулт өгөөд буй. Мэдээж ажлаа дөнгөж авч байгаа хүн, зээлийг шууд зогсооно, эвсэл үргэлжлүүлнэ гээд цээжний пангаар хэлчихэж болохгүй.

Монголбанкны хувьд ч тэр, энэ асуудлаар шинэхэн дарга нар нь ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс татгалзаж буй. Ерөнхийдөө Монголбанк засгийн газрын, шударгаар хэлбэл, МАН-ын амыг харж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдлыг цэгцлэж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгасан.

Ипотекийн зээл тойрсон ойлгомжгүй байдал гэдэг нь нөгөө л санхүүжилтийн асуудал бололтой. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Төв банкны хуулийг өөрчлөх замаар ипотекийн зээлийн шинэ хувилбарыг боловсруулах аж. Ингэхдээ урьдчилгаа 30 хувь, найман хувийн зээлийн хүүг хэвээр хадгалахаар зорьж байгаа бололтой. Зээлийн үйлчлэх хүрээг ч хумихгүй байхаар тооцоолсон. Өөрөөр хэлбэл, зээлдэгчдэд шинэ хувилбар шууд байдлаар нөлөөлөхгүй гэж эх сурвалж онцоллоо.

Өөрчлөлтийн хүрээнд Төвбанкны эрхзүйн чадамжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Тодруулбал, бодлогын хүү болон арилжааны банкны хүүгийн алдагдлыг сааруулахад өөрчлөлт чиглэгдэх юм. Өмнө нь Төв банкнаас арилжааны банкуудын хүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор мөнгө хэвлэж байсан. Харин энэ удаа шууд тийм зохицуулалт хийх боломжгүй гэж үзжээ. Нөгөө талаас Төв банкны хуулийг өөрчлөх замаар шууд эрхзүйн зохицуулалт хийчихээр зээлдэгчид сөргөөр нөлөөлөх аюултай.

Тиймээс эрхзүйн чадамжийг сайжруулах чиглэлд тодорхой ажлууд хийхийг эрх баригч нам илүүд үзжээ. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хашаа байшинтай айлуудыг орон сууцжуулах асуудлыг чухалчлан тусгасан. Энэ санаа засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгагдахаас бас ипотекийн зээлийн хувь заяа ихээхэн шалтгаалахаар байна.

Энэ цаг үед Төв банк арилжааны банкуудын хүүгийн алдагдлыг багасгах зайлшгүй шаардлагатай тулж байна. Тиймээс ч хүссэн хүсээгүй, мөнгө хэвлэж байж, ипотекийн зээлийн ирэх дөрвөн жилийн өнгийг шийдэх гарц байгааг зарим эрх сурвалжууд тодотгож буй юм. Одоогоор арилжааны банкууд ипотекийн зээлээ хэвийн олгож байгаа. Гэхдээ нэг л өдөр арилжааны банкууд хүүгийн алдагдлаа барьж чадахгүйд хүрэх аюултай тулгарч буй. 

Ардчилсан нам засаг барьсан өнгөрсөн дөрвөн жилд 82000 айлийг ипотекийн зээлээр шинэ орон сууцанд оруулсан. Энэ оноос эхлэн зээлийн хүүг бууруулж орон нутаг болоод дахин төлөвлөлтөд хамрагдсан газруудад зээлийн хүүг таван хувь болгон бууруулсан. Харин цаашид Нийслэлийн гэр хорооллын төвлөрлийг сааруулах, утааг багасгах, иргэдээ орон сууцжуулах хүрээнд эрх баригч нам ямар шийдвэр гаргах нь хүлээлт хэвээр байгаа юм.