Хөгжмийн ертөнцийн гоц үзэгдэл: Лэйди Гага

Түүнийг манай үеийн хөгжмийн гоц үзэгдэл гэдэг. Тэр зөвхөн хөгжмийн ертөнцийн төдийгүй нийгмийн ч гоц үзэгдэл болж, амьдралынх нь алхам бүр олны анхаарлыг татсан хүмүүсийн харах дуртай “шоу үзүүлбэр” болжээ.

 

Хэн ч өмсөмгүй этгээд чамин хувцсаараа олныг ангайлгаж, эрх чөлөөт байдлаа тунхаглаж чадсан энэ бүсгүй ердөө 25 настай ч Майкл Жексон, Мадоннатай адил хөгжмийн түүхэнд үлдэх амжилт гарган, Гиннесийн номонд хоёр ч удаа бичигдээд байна. Ердөө 2005 онд хөгжмийн ертөнцөд хөл тавьсан тэрээр өнөөдөр 15 сая цомог, 51 сая синглээ борлуулсан, “Time”, “Forbes” сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг болж чаджээ.

Лэйди Гагагийн он жилүүд

1990-ээд он

Стефани дөрвөн настайдаа төгөлдөр хуур сурч, 14 настайдаа ая зохиож, 17-тойдоо олны өмнө анх дуулжээ.

2005 он

19 настай Гага Нью-Йоркийн их сургуулийг хаяж, бүхий л цагаа хөгжимд зориулах болжээ. Тэрээр зөөгчөөр ажиллан, өөртөө зориулан хувцас оёж, бааранд дуулдаг байв.

2008 он

Кристина Агилерагийн дууны багштай хамтран ажилласнаар 20 насныхаа төрсөн өдрөөр тэрээр хөгжмийн студитэй анхны гэрээгээ байгуулжээ. Бүх дуугаа өөрөө зохиодог залуу дуучин “Just Dance” хэмээх электро-поп дуугаараа амжилтын гараагаа тавьсан юм. Энэ дуугаар тэр анх удаа Биллбордын жагсаалтад тэргүүлсэн.

2009 он

70-аад оны загварыг санагдуулам тэгсэн атлаа цоо шинэ хувцас загварын хэв маягийг тэр гаргаж ирлээ. Хэрээ шиг хар өдөөр бүх биеэ бүрхэж, хөөсөн бөмбөлгөөр гоёж, үсээ утас, эрвээхэй, сагс гээд хүссэн хэлбэртээ хувиргах түүний содон хувцаслалт гайхаж цочирдом байсан ч энэ бүхэн түүнийг улам алдаршуулж байв.

2010 он

Түүний “Just Dance,” “Poker Face,” “LoveGame,” дуунууд хитийн жагсаалтыг тэргүүлснээр гурван дуу нь жагсаалтад түрүүлсэн гурав дахь уран бүтээлч болж хөгжмийн түүхэнд нэрээ бичүүлсэн юм. Мөн тэрээр 2009 онд Грэммийн ёслолоос гурав, 2010 оныхоос найман шагнал хүртэж, “Bad Romance” нь оны шилдэг видеогоор шалгарснаар поп хөгжмийн шинэ дива гарч ирснийг нотолсон билээ.

 

Авангард загварын хатан хаан

Тэр зүгээр нэг дуулж бужиглэж од болохыг биш, дахин давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо олны сэтгэлд дүрээ үлдээхийг хүсдэг. Тийм ч учраас тайзны хувцсынхаа дийлэнхийг өөрөө зохион бүтээж, урладаг. Лэйди Гага дууг анх сонсохдоо л ямар хувцастай байвал энэ дуунд зохицох бол гэж боддог зуршилтай. Тэрээр орчин үеийн хөгжмийн урлагийг зөвхөн сайн уран бүтээл, сайн дуугаар биш түүнийг үзэгчдэд хүргэх тайзны тоглолт, хувцас сэлттэй нь хамтад нь байх ёстой гэж боддог аж. Тиймээс “Haus of Gaga” хэмээх зөвхөн өөртөө зориулсан хувцас загварын агентлаг байгуулжээ. Лэйди Гага зөвхөн тайзан дээр ч биш, жирийн өдрүүдэд ч стильдээ үнэнчээр этгээд хувцсаа өмссөөр байдаг. Олны нүдийг орой дээр нь гаргах шахсан түүний этгээд хувцаслалтаас цухас дурдвал түүхий махаар хийсэн малгай, даашинз, гутал, бөмбөлөгөн даашинз, толгойдоо угласан сансрын тойрог зам, тогтоход бэрх өндөр өсгийтүүд гээд зөвхөн загварын шоунд л гардаг авангард хувцаснууд байдаг. “Хэрэв тэрээр бусад оддын нэгэн адил тансаг даашинзаар гоёдог байсан бол өнөөдөр хэн ч түүнийг бусдаас ялгаж харж чадахгүй л байсан шүү дээ. Тэгэхээр энэ бүх хачин этгээд хувцаслалт Лэйди Гага уран бүтээлч хүний хувьд хэр ухаалаг болохыг харуулаад байгаа юм. Тийм ч учраас тэр бол гарцаагүй шинэ үеийн загварын дүр төрх мөн” гэж загварын мэргэжилтнүүд үнэлдэг юм.

Лэйди Гагаг нэг хэсэг “мөнгөний машин” гэж нэрлэх болсон. Учир нь, тэрээр хамгийн өндөр орлоготой 10 дуучны нэгд зүй ёсоор тооцогдох болжээ. 2009-2010 онд гэхэд хатагтай Гага 62 сая ам.долларын ашиг орлого олсон нь хөгжмийн ертөнцийнхөн дундаа долоод бичигдэх амжилт юм. 2010 онд Лэйди Гага 138 удаа шоу тоглолт хийснээс 133 сая ам.доллар олжээ. Энэ аялан тоглолтынхоо орлогоор тэрээр Бон Жовигийн араас бичигдэж байна. Түүний тоглолтын тасалбарын үнэ дунджаар 102 ам.доллар байдаг нь бусад дуучидтай харьцуулбал бас ч өндөр тоо юм. Энэ байдлаараа бол тэрээр 2011 онд 100 саяас дээш ам.долларыг халааслах нь лавтай гэж “Forbes” сэтгүүлд бичжээ.

Дэлхийн хоёр рекорд, 92 шагналын эзэн

Лэйди Гагагийн уран бүтээлийн оргил үе эхэлсэн 2008 оноос хойш тэрээр нийтдээ 200 гаруй удаа хөгжмийн наадамд нэр дэвшиж, 92 шагнал хүртсэн байна. Энэ бол түүний гуравхан жилийн дотор олж авсан амжилт гэхээр Лэйди Гага хэмээх шуурга хөгжмийн ертөнцийг хэрхэн хуйлруулж буйг харуулна. Тэрээр зөвхөн Grammy, Brit, MTV, зэрэг хөгжмийн наадмаар зогсохгүй Британи, Япон, Австрали гээд бусад улс орны хөгжмийн шагнал гардуулах ёслолд ч хамгийн хүчтэй өрсөлдөгч нь болжээ.
-Лэйди Гага хоёр ч удаа Гиннесийн номонд бичигдсэн. Тэрээр “The Fame” хэмээх анхны студийн цомгоор Их Британийн жагсаалтад 154 хоног тэргүүлсэн нь алдарт “Oasis”-ийн амжилтыг даван гарсан юм. Үүгээрээ тэрээр Гиннесийн дээд амжилтын эзэн болсон бол 2010 онд интернэтээр хүмүүсийн хамгийн их хайсэн, эрэлттэй одоор шалгарч, хоёр дахиа энэ номонд бичигджээ.
-Биллбордын сүүлийн 17 жилийн түүхэнд нэг цомгийн дөрвөн дуу ¹1 хитээр шалгарч байсан ганцхан тохиолдол нь Лэйди Гагагийн “The Fame” цомог юм.
-Түүний видео клипийг интернэтээр үзсэн хүмүүсийн тоо аль хэдийнэ нэг тэрбум давжээ. Үүн шиг амжилтыг одоогоор хэн ч гаргаж чадаагүй байна.


Эрэгтэй бас эмэгтэй хүнийг сонирхдог

Лэйди Гагаг анх нэрд гарч байхад ижил хүйстэн эсэхийг нь олж мэдэх гэж паппарацууд байнга дагаж, сэтгүүлчдийн бараг жижүүрийн асуулт болох шахаж байв. Харин тэрээр 2009 онд ярилцлага өгөхдөө бисексуаль гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хэдийгээр түүнд эмэгтэйчүүд таалагддаг ч хэзээ ч ижил хүйстэндээ дурлаж байсан удаагүй гэнэ. Тэрээр хоёр удаа хүнд хайртай болсон нь хоёулаа эрэгтэй байжээ. Уран бүтээлээ шаргуу хийж буй Лэйди Гагагийн хувьд гэр бүлтэй болох хэтэрхий эрт байна гэж хэдэн ч удаа ярилцлагадаа хэлж байсан юм.