Он дуустал адууны 10 мянган тонн мах нэмж экспортлоно

Энэ он гарсанаас хойш өнөөг хүртэл манай улс нийт 21500 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Үүний 80 хувийг адууны мах эзэлж байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд адууны 20 мянган тонн мах экспортлохоор тогтоосон байдаг. Иймд төлөвлөгөө давж биелжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг зарим компанийн үйл ажиллагаатай өчигдөр танилцсан. Энэ үеэр үйлдвэрлэгчид адууны мах авах хүсэлт, захиалга ирүүлж буй улс орнууд байна. Иймд ирэх жилийн квотыг нэмэгдүүлж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоолоо.
Тухайлбал, үхрийн мах 27900, адууны мах 33600 тонныг тус тус экспортлохоор тогтоов. Харин хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоосонгүй. Мөн он дуустал экспортлох адууны махны хэмжээг 10 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үйлдвэрлэгчид Засгийн газарт мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээтэй болгох санал тавьжээ. Ингээд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл арга хэмжээг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгалаа.
Уг хурлаар хүнсний улаан буудай 225 мянга, үрийн улаанбуудай 10 мянган тонныг тус тус импортлоно гэж тогтов. Мөн 4218 тонн хуурай сүү гадаадаас авах болжээ. Харин шингэн сүүний импорт хийхгүй юм.