С.ГАНЗАЯА: ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГ НЬ СҮРЬЕЭГИЙН НЯНГИЙН ХАЛДВАРТАЙ ГЭСЭН ТООЦООЛОЛ БИЙ


Сүрьеэ өвчин манай улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж, хил хязгааргүй тархаж байна. Хэд хоногийн өмнө “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сүрьеэгийн үндэсний хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд энэ тухай дурдаж байсан юм. Иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байгааг ч оролцогчид онцолж байлаа. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх үүднээс Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяатай ярилцлаа.


-Сүрьеэ өвчний халдвар буурахгүй байна. Өнгөрсөн жилээс харин ч нэмэгдэх хандлагатай гэх юм. Буурахгүй байгаа учир шалтгаан нь юунд байна вэ?
-Сүрьеэ дахин сэргэж байгаа халдварт өвчний тоонд орж байна. Юуны өмнө сүрьеэгийн халдвар авсан, сүрьеэгээр өвчилсөн гэдэг нь хоёр тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвддөггүй. Тухайн хүний амьдралын хэв маяг, хорт зуршлын хэрэглээ, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан ч насан туршдаа өвчлөхгүй байх боломжтой. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн нянгийн халдвар авсан, үүний 10 хувь нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол байдаг. Манай улсын хувьд Засгийн газар болон Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл хамтран тархалтын төвшин тогтоох судалгааг 2014-2015 онд анх удаа хийлээ. Судалгааны дүнд сүрьеэгийн тархалтодоо бүртгэгдэж байгаа өвчлөлөөс гурав дахин өндөр байх магадлалтай гэсэн тооцоолол гарсан. Энэ судалгаа анхных учраас тархалт өссөн үү, эсвэл буурсан уу гэдгийг харьцуулах боломж байхгүй. Өмнө нь үүнээс ч өндөр байгаад одоо буурч байгаа ч юм билүү бид мэдэхгүй. Түүнчлэн, судалгаагаар илэрсэн сүрьеэгийн тохиолдолын 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, далд явцтай сүрьеэ байсан нь санаа зовоож байгаа асуудал юм. Юутай ч жилд 4000 орчим сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэн эмчилдэг бол өвчлөгчдийн тоо 12000 хүртэл байх боломжтой гэсэн үг. Бид нэгэнт судалгаагаар өвчлөлийн байж болох төвшинг тогтоосон юм чинь илрэхгүй байгаа гуравны хоёрыг оношлох илрүүлэх шаардлага зайлшгүй гарч ирж байна гэсэн үг.


-Өвчлөлийг эрт илрүүлэх шаардлагын тухай ярьж байх шиг байна. Ийм боломж бололцоо хэр байна вэ. Тухайлбал оношилгооны тоног төхөөрөмжийн тал дээр?
-Нуулгүй хэлэхэд, саяхныг хүртэл манай улс сүрьеэгийн оношилгоонд 100 гаруй жилийн өмнө нээсэн түрхцийн шинжилгээний аргыг ашиглаж байлаа. ДЭМБ-ын гишүүн орны хувьд олон улсад хүрээн зөвшөөрөгдсөн оношилгоо эмчилгээг сүрьеэгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс Глобал сангийн төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лавлах лабораторийг иж бүрэн тоноглож оношилгоог олон улсын төвшинд хийдэг боллоо. Сүрьеэгийн эмийн тэсвэржилтийг тогтоохын тулд 80 гаруй хоног хүлээдэг байсан бол энэ шинжилгээг хоёрхон цагийн дотор хийх боломжтой ЖенеЭксперт /GeneXpert/төхөөрөмжийг улсын хэмжээнд 14 газарт ашиглаж эхлээд байна.Мөн сүүлийн үеийн өндөр нягтшилтай дижитал зөөврийн рентген аппаратыг төслийн хүрээнд зургааг ханган нийлүүллээ. Ингэснээр энэ онд гэхэд оношилгооны тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Цаашид төслийн хүрээнд шаардлагатай газруудад тоног төхөөрөмж нэмж өгөхөөр төлөвлөж байгаа.


-Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн асуудал хурцаар хөндөгдөж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг өвчин. Сүүлийн үед эмэнд тэсвэртэй нянгийн талаар их яригдах болсон. Энгийн үгээр хэлбэл сүрьеэгийн нянгийнэсийн хана нь зузаан тослог бодисоос бүрддэг тул физик химийн нөлөөнд маш тэсвэртэй байдаг. Иймд удаан хугацаанд хэд хэдэн төрлийн эмийг хослуулан хэрэглэдэг эмчилгээний онцлогтой. Сүрьеэгийн эмэнд тэсвэржилт нь анхдагч болон олдмол хэлбэрээр тохиолддог. Хэрвээ эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нянгийн халдвар авбал эмэнд тэсвэртэй сүрьеэгээр л өвчлөнө. Гэхдээ ийм тохиолдол харьцангуй бага. Харин эмчилгээний явцад дэглэм баримтлаагүй, эмийн тунг дутуу буруу хэрэглэх, эмчилгээ таслах зэргээс олдмол тэсвэржилт үүсдэг. Тэгээд эмэнд тэсвэртэй нянгийн халдварыг бусдад тараана гэсэн үг. Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гурав дахь тандалт судалгааг бид саяхан хийж дуусгалаа. Үүгээр сүрьеэгийн эсрэг зөвхөн аль нэг эмийн тэсвэржилт 15,1 хувь, цөөн эмийн тэсвэржилт 10,3 хувь, олон эмийн тэсвэржилт 7,7 хувь байгааг тогтоосон. Илрүүлсэн тохиолдол бүрийг бүрэн гүйцэд эмчилж байж эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвар тархалтыг таслах боломжтой. Дан ганц эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хүчрэхгүй. Үүнд төр хувийн хэвшлийн шат шатны байгууллага, иргэд гээд тал бүрийн оролцоо чухал.


-Эдгэрэхийн тулд сайн хоол хүнс идэж урт хугацаанд дэглэм барьж эмээ таслахгүй уух ёстой. Гэтэл орлого муутай иргэд эмчилгээний энэ нарийн дэгийг мөрдөнө гэдэг бараг боломжгүй.Тусгай нийгмийн халамж үзүүлэх шаардлагатай байх. Энэ тухайд?
-Сүрьеэгийн эмчилгээг шууд хяналттай хийх нь чухал байдаг. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа нэн ядуу эмзэг бүлгийн иргэдэд өдрийн хоол өгч эмийг хяналттай уулгах, эрүүл мэндийн байгууллагаас алслагдсан газарт амьдардаг иргэдэд сайн дурын идэвхтнээр дамжуулан эмийг нь гэрт нь хүргэж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд эмчилгээгээ тасралтгүй хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэн эмээ өдөр бүр ирж уух унааны зардлыг олгож байна. Энэ арга хэмжээ нүдээ олсон болох нь эмчилгээний үр дүнгээс харагдаж байгаа.


-Төрөөс үзүүлдэг тусгай тусламж үйлчилгээ бий юү?
-Сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвдсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгон улсаас тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд төрөөс зарцуулж байгаа төсөв хөрөнгө нь эмч, ажиллагсадын цалин хөлсөөс гадна тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, оношлуурын багахан хувийг хангадаг. Дээр дурдсан оношилгооны орчин үеийн багаж хэрэгсэл, түүний урвалж, өндөр өртөгтэй эм, халдвар хяналтын төхөөрөмж зэргийг төслийн хүрээнд ханган нийлүүлдэг. Мөн боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх, сургалт, уулзалт, зөвлөгөөн, сурталчилгааны ажлууд ч төслийн хүрээнд зохион байгуулдаг. Гол үйл ажиллагаанууд донорын санхүүжилтээр хийгдэж байна гэсэн үг. Иймд цаашид донорын санхүүжилтээс засгийн газрын санхүүжилтэд үе шаттайгаар шилжих хэрэгтэй.


-Сүрьеэтэй холбоотой маш олон нарийн асуудал хөндөж болохоор байна. Наад зах нь эмч эмнэлгийн байгууллагын ажилчид өөрсдийгөө халдвараас бүрэн хамгаалах нөхцлөөр хангагдсан байдаг уу?
-Сүрьеэгийн үйлчилгээнд мөрдөх халдвар хяналтын тусгай дэглэм бий.Гэвч манай эрүүл мэндийн байгууллагууд тэр шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна. Эрүүл мэндийн байгууллага удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг сайтар төлөвлөж өгвөл Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөл сайжрах боломжтой. Тухайлбал үйлчлүүлэгчдийг ханиаж байгаа эсэхээр нь хүлээлгийн өрөөг тусгаарлах, амны хаалт зүүлгэх, зөв ханиаж найтаах дадал хэвшүүлэх, халдвартай халдваргүй сүрьеэтэй өвчтөнд үйлчлүүлэх цагийн хуваарь гаргах, сүрьеэгийн диспасерийн орох гарах урсгалыг тусгаарлах тусдаа хаалгатай болгох гэх мэт олон ажлуудыг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлэх хэрэгтэй. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд бид нийслэлийн таван дүүрэг, сүрьеэгийн өвчлөл өндөр найман аймгийн эмнэлэгт бүрэн автоматжуулсан агааржуулалтын систем суурилуулаад байна. Суурилуулаад өгөх нэг хэрэг, тэр суурилуулсан тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээг нь тогтмол хийх нь чухал. Мөн төслийн хүрээнд бид сүрьеэгийн байгууллагад ажиллагсдад зориулсан шүүлтүүртэй амны хаалт, хэт ягаан туяаны гэрэл зэргийг тогтмол ханган нийлүүлдэг.


-Сүрьеэ бол ядуусын өвчин гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Тэр утгаараа дундаж амьдралтай иргэд өөрсдөөсөө хол хөндий мэтээр хүлээж авдаг тал бий...?
-Сүрьеэгээр хэн ч өвдөх магадлалтай. Гэхдээ тайлангаас хархад өвчлөгчдийн дийлэх хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, нийгмийн эмзэг бүлгийн иргэд байна. Өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл ямар байгаа билээ. Ядуу иргэд наад захын эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд амьдарч, хангалттай шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа. Аливаа халдварт өвчин нийгмийн эмзэг давхаргыг түрүүлж хамардаг. Ажилгүйдэл ядуурал нэмэгдэх хэрээр өвчлөл өндөр байх магадлалтай.


-Сүрьеэгийн эмчилгээ оношилгоог үнэ төлбөргүй хийгдэх ёстой юу. Хуульд юу гэж заасан байдаг юм бэ?
-Эрүүл мэндийн тухай хуульд сүрьеэгийн тусламж, үйлчилгээнийтөлбөрийгтөрхариуцна гэж заасан байдаг. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн тусламж үйлчилгээг иргэд төлбөргүй авдаг. Төр хариуцна гэсэн үгний цаана асар их төсөв хөрөнгө яригдаж байдаг. Сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүгийн зарцуулалтын үнэлгээнээс харахад жилд дунджаар 14 тэрбум төгрөгийг зарцуулж байгаагийн 50 гаруй хувийг улсын төсвөөс, үлдсэнийг нь донор байгууллагууд санхүүжүүлж байна.


-Нэг өвчтөний эмчилгээнд хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулдаг талаар сонирхож болох уу?
-Сүрьеэгийн эмчилгээ нь өвчний хэлбэрээс хамаарч 6-24 хүртэл сараар үргэлжилдэг. Эмчилгээг олон төрлийн эмийг хослуулан өдөр бүр хяналттай ууж байж сүрьеэ өвчин эдгэрнэ. Тэгэхээр бид хэдхэн өдрийн эмчилгээний талаар яриагүй. Өвчтөнийг эдгэрүүлэхийн тулд зарцуулж буй хугацаа урт байх хэрээр хөрөнгө мөнгө их шаарддаг. Эмэнд мэдрэг сүрьеэгийн зургаан сарын эмчилгээний зөвхөн эмийн зардал нь дунджаар 240 000 төгрөг байдаг бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийнхоёр жилийн эмчилгээний зардал нь 9-15 сая орчим төгрөг болдог. Тэгэхээр эмэнд тэсвэртэй нэг өвчтөнийг эмчлэх зардлаар эмэнд мэдрэг 62 өвчтөн эмчлэх боломжтой байгаа биз.Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогоо, эмчилгээтэй холбоотой зардлыг бүрэн хариуцан ажилладаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд шаардлагатай эмийг манай төсөл 2006 оноос тасралтгүй 10 гаруй жил ханган нийлүүлж байна.