Муу эрд халдага дараа гэдэг дээ

У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн. Өөрөөр хэлбэл, сайд нар нь бүгд давхар дээлэндээ түүртэж яваа.

 


Энэ сул талаа тайлбарлахдаа “Ерөнхий сайд гэдэг засгийн 50 хувь, тэгэхээр энэ засгийн 50 хувь нь парламентын гадаа байгаа” гэж хөгшид, хүүхдийн толгой эргүүлсэн. УИХ-ын гишүүн бус Ерөнхий сайдтай байхын давуу тал гэж ч болох. Нөгөө талаас гишүүн бус Ерөнхий сайдтай байна гэдэг тийм ч хүсмээр юм биш. Өнгөц харахад энэ нь давуу тал мэт боловч үнэндээ маш том сул тал нь юм. Өөрөөр хэлбэл, бие хүн нь булчинлаг боловч эрх мэдлийн хүрээлэлд бол “бяр”-гүй Ерөнхий сайд гэсэн үг.


Өнөөдөр намын бүлэг нь 33, 32 болж талцаж “тоглож” байхад Ерөнхий сайд санаачлагыг гартаа аваад зангидчих хэмжээний эрх мэдэлгүй, үгүй ядаж байр суурьгүй, парламентын гаднаас хий ангалзаж байгааг олон нийт харж л байна. Бас УИХ-ын гишүүнтэй парламентын танхимд хэрүүл хийхээс өөр бяргүй байгааг нь шоолж байгаа нь үнэн.


Ийм эгзэгтэй үед “намын даргаа бас авна” гэж улайран зүтгэх нь өөрт байгаа багахан “бяр”-аа барахаас өөр шидгүй л болов уу. Юу гэхээр өөрийнх нь хэлснээр “засгийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа хүн” анхаарал, эрч хүчээ дахин 50 хувь хугаслаж намын ажилд хутгалдана гэдэг “муу эрд халдага дараа” гэгч болох юм биш үү. Нөгөө талаас танхимынх нь бүх сайд давхар дээлтэй. Ийм нүсэр ачаатай засгийг тэргүүлж байгаа хүн намынхаа гал тогоог давхар үүрч өөртөө ачаа нэмэх нь илүү зан биз.
Засгаа яах билээ, парламенттайгаа хэрхэн хэл амаа ололцох билээ, төр засгийн энэ их ажлын хажуугаар намаа яах билээ гэж гурвын дунд эргэлдсээр 2020 оны сонгуультай нүүр тулах нь тодорхой. Тэр үед өөрийнх нь тэргүүлсэн засаг олигтой хийж гавьсан юмгүй, парламент доторх үнэмлэхүй олонхи болох МАН-ын бүлэг нь хагархай шаазан шиг эвлэхээ байсан, нам нь даргадаа захирагдахгүй бүлэглэл, фракцаараа талцаад, аягүй бол МАН, МАХН, ... гэсэн 3-4 нам бий болсон байхыг ч үгүйсгэхгүй. Өнөөдрийн нөхцөл байдал энэ зүг рүү чиглүүлж байгаа нь хэнд ч нууц биш.


Унасан шаралхал, унагасан аархал нь МАН-ыг цаашид хэд ч хувааж мэдэхээр эгзэгтэй нөхцөл байдал үүсгээд байгаа. Ийм үед намаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёроосоо салгаж, эв нэгдлийг сахих, эвдэрсэн өстнүүдийг эвлэрүүлэх хүнийг олж тавих нь оновчтой хувилбар болно. УИХ-ын дарга намын бүлгээ эмхлэх ажлыг, Ерөнхий сайд нь 2016 онд иргэд, сонгогчиддоо амласан МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд гол анхаарлаа хандуулахгүй бол 2016 онд Ардчилсан намын хүлээсэн ялагдлыг 2020 онд МАН амсах нь бараг л ойлгомжтой болоод байна. Ийм хүнд үед албан тушаалын элдэв амбицаа дарж, хоёрхон жилийн дараа болох сонгуульдаа бэлдэх нь хамгийн зөв сонголт болно.


Ерөнхий сайдын хувьд ч эрх мэдлээ баталгаажуулж, намынхандаа хүлээн зөвшөөрөгдөх эхний алхам болох биз. Үүнийг эс хүлээн зөвшөөрч алсын шуналдаа хөтлөгдөн “давхар дээл”-энд хэт улайраад байвал нөхцөл байдлыг улам хурцатгахаас өөр зүйл авчирахгүй. Дээр нь танхимынх нь сайд нар байнга хэл ам талаж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар л гэхэд томилгооноос эхлүүлээд алхам бүртээ Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулах болсон. Боловсролын сайд Д.Цогзолмаа амны алдаанаасаа болж олон нийтийн зүгээс хүчтэй зэмлэл, шүүмжлэл хүртсэн. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч хамаатнаа Цагдаагийн даргаар томилохоос эхлүүлээд чамгүй барцадтай байгаа.


Хамгийн ноцтой нь сайд нар нь томилогдоод удаагүй байхдаа танхимаар ажиллах зарчмаа зөрчөөд эхэлсэн. Учир юу гэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг дэмжсэн. Үүнийг ч УИХ-д албан ёсоор хүргүүлсэн. Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд Б.Хурцын томилгоог эсэргүүцэж, Нээлттэй сонсгол явуулахыг шаардаж гарын үсгээ зурсны дотор Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарын нэрс цохиж явна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар танхимын зарчмаар ажиллах чадваргүй, дотроо хагаралтай байгаа нь ойлгомжтой боллоо. Тиймээс У.Хүрэлсүх намын дарга болохоосоо урьтаж засгаа эмхэлж, зангидаж авах нь эн тэргүүний зорилт болов уу.

Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бүлгийг 65 хагалаагүй 66 дахь хүн хагалчихлаа” гэдэг шиг У.Хүрэлсүх нэг л өдөр намдаа, өөрийнхөө байгуулсан засагтаа ч илүүдсэн явж байхыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт багтахгүй гадуурхагдаж яваа шигээ албан тушаалын хэнээрхлээсээ болоод нам, засагтаа гадуурхагдсан хүн болчихсон явж байх вий дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин