Сайд нарыг өнөөдөр томилно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн кабинетэд орж ажиллах хүмүүсээ эцсийн байдлаар тодруулжээ. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт хуралдаж, үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдахаар болсон байна. Удирдах зөвлөх, бүлгийн хурлаараа сайд нараа эцэслээд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар томилно гэж эх сурвалж мэдээлж байна.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийж, 12 сайдын нэрийг эцсийн байдлаар зарласан. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарыг сайд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин Шадар сайдад нэр нь яригдсан Л.Энх-Амгалан, БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн О.Содбилэг нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөөгүй учир Шадар сайдад Ө.Энхтүвшинг, БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболдын нэрийг өргөн барихаар болжээ.

Б.Анир