Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх нэр дэвших боллоо

Тусгаар тогтнолын ордонд хуралдсан МАН-ын Бага хурал 26-ны үүрийн 05 цагт өндөрлөж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа.

 

Ерөнхий сайдад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд асан У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын гишүүдийн 63,9 хувийн саналаар У.Хүрэлсүх эрхээ авлаа.

Энэ удаагийн Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.