Норвегийн Баялгийн сангийн хөрөнгө анх удаагаа 1 их наяд долларт хүрчээ

ОСЛО. /Блүүмберг/. Норвегийн Баялгийн сангийн хөрөнгө анх удаагаа 1 их наяд долларт хүрсэн тухай Америкийн “Блүүмберг” телевиз мэдээллээ.


Норвегийн Төв банкны харьяа Норвегийн хөрөнгө оруулалт менежментийн банкны мэдэгдсэнээр, Баялгийн сангийн хөрөнгө Ослогийн  цагаар есдүгээр сарын 19-нд шилжих шөнийн 2:01 цагт түүхэндээ анх удаагаа 1 их наяд  долларт  хүрсэн байна.

Баялгийн сангийн захирал Ингве Слингстад мэдэгдэл хийхдээ “1996 оны тавдугаар сард нефтийн орлогыг анх энэ сан руу шилжүүлж байлаа. Энэ  сангийн хөрөнгийн хэмжээг 1 их наяд долларт хүрнэ гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй гэдэгт би эргэлзэхгүй байна. Баялгийн сангийн хөрөнгө 1 их наяд долларт хүрсэн нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэжээ.

1 их наяд доллар гэдэг бол Мексик улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний  мөнгө  гэнэ.

Хөрөнгө мөнгөөрөө энэ сантай ойролцоо өөр төрлийн сан гэвэл Японы Засгийн газрын Тэтгэвэр тэтгэмжийн хөрөнгө оруулалтын санг нэрлэж болох юм. Японы тус сан нь энэ оны гуравдугаар сарын байдлаар 144.9 их наяд иен буюу 1.3 их наяд долларын хөрөнгөтэй байжээ. Мөн Хятад улсын Гадаад валютын нөөцийн сан нь 3 их наяд доллартай  аж.

Баялгийн сан хэт их хөрөнгөтэй байх нь бас тийм ч сайн мэдээ биш гэнэ. Учир нь сангийн хэмжээ томрох тусам хөрөнгө оруулах хангалттай том зах зээл олохоос эхлүүлээд олон сорилттой тулгардаг байна.
http://montsame.mn/read/66305 Г.Доржханд