Энэ жилийн “Цагаан Уул” хайрын шүлгийн наадмын тов зарлагдлаа

Гэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.


“Хайр”-аар овоглосон энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна.


Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах билээ. Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байсан юм.


Энэ жилийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг 9-р сарын 15 – 10-р сарын 10-ныг хүртэл МЗХ-ны 2 давхарт бичгээр болон файлаар хүлээн авах болно. Харин орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх юм.


“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 шатаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал 2-р шат “Унаган хайр”, 3-р шат “Эцэг эхийн хайр”, 4-р шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Яруу найрагчид шүлгэндээ МЗХ-ны 2017 оны сар бүрийн уриа болох Ухамсар, Санаа, Бодол, Мөрөөдөл, Итгэл, Сэтгэл, Хүсэл, Ухаан, Суу, Мэдрэмж, Заль үгсийг шигтгэх шаардлагыг тавьж байгаа юм байна.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Myf.mn сайт болон 99005186, 88902966 утсаар авна уу.