
Өвөл цагийн монгол адуу, адуучны соёлыг олон улсын сонирхол татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох том хүсэл тээн ажилладаг зохион байгуулагчид энэ жилийн наадмаа 11 дүгээр сарын 4, 5-нд хийхээр зэхжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд 1, 2 саруудад зохион байгуулагдаж байсан нь өөрчлөгдөн энэ жил 11 сард хийхээр болсон нь энэ. Учир нь, анхны цас орсон ч өвлийн хүйтэн эхлээгүй, малын тарга хүч сайн, малын элдэв өвчний дэгдэлт бага, малчид дөнгөж өвөлжөөндөө буусан тайван амгалан цаг хугацаа хэмээн ийн өөрчилсөн аж.
Ямартай ч Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагддаг уг арга хэмжээг гадаадын жуулчид ихэд хүлээдэг болжээ. Учир нь, дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа ч гэлээ Хятадын Шинхуа, АНУ-ын “The Guardian”, Английн “Daily UK”, “Yahoo” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, томоохон сайтуудад мэдээлэл нь тавигдсан нь үүнд нөлөөлсөн байж ч болох юм. Мөн гэрэл зурагчин Ч.Батзаяагийн шарга азарганы зураг Английн “Daily Telegraph” сэтгүүлийн 2016 оны шилдэг зургаар шалгарсан нь энэхүү баярыг дэлхий нийтэд таниулж өгсөн нь дамжиггүй.