УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр (2017.09.07) манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр анх удаа бутан хүмүүстэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Хоёр улсын хооронд 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 2016 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танай улсад айлчлал хийсэн нь идэвхтэй  харилцаа, хамтын ажиллагааны эхлэл болсон бөгөөд энэ удаагийн Таны айлчлал энэ үйл хэрэгт ихээхэн чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гэсэн юм.

              Тэрбээр цааш нь Монгол Улсын төрийн байгуулалтын тогтолцоо болон УИХ-ын талаар товч мэдээлэл өгөхдөө “Манай парламент 1992 онд байгуулагдсан, 25 жил болж байна. Энэ уулзалтад Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Н.Учрал нар оролцож байна. Бутан Улс 2008 онд анх сонгууль явуулж, шинэ тутам парламент байгуулсан. Цаашид парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд хоёр орны парламентын гишүүд идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн тэмдэглэлээ.  

            Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт, түүний дотор аялал жуулчлал, түүх соёл, мал аж ахуй, эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.

        Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи “Намайг болон манай төлөөлөгчдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Анх удаагаа Монгол Улсад айлчилж байна. Богино хугацаанд олон зүйлтэй танилцлаа. Монгол Улсын Засгийн газар биднийг найрсаг дотноор хүлээн авсанд талархаж байна. Бид айлчлалынхаа хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдтай уулзаж, мал аж ахуй, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах талаар ярилцсан.

        Манай улс хаант засаглалтай байгаад 2008 онд ардчилсан сонгууль явуулж, парламент байгуулсан. Энэ хугацаанд хоёр удаагийн сонгууль явагдсан. Дараагийн сонгууль 2018 онд болно.

        Хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэхэд парламентын бүлгийн гишүүд идэвхтэй ажиллах ёстой. Энэ талаар парламентын даргадаа уламжилж, гишүүдийн харилцан айлчлалыг дэмжинэ. Харилцааны эхлэл тавигдаж, өргөжиж байгаад талархалтай байна” гэлээ.

            Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүссэн юм.

            Бутаны Вант Улс нь Хималайн уулсын зүүн талаар оршдог, үзэсгэлэнт байгаль, буддын сүмүүд, эртний хэрэм цайзуудаараа нэрд гарсан халуун бүсийн орон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.