БНХАУ-д саатуулагдаж байсан Монгол иргэний тухай худал мэдээлэл тараажээ

БНХАУ-д эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад эх орондоо ирээд байсан иргэн Б-ийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл түгээсэн талаар өнөөдөр ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

 

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Д.Мөнхтүшиг "ГХЯ-наас Монгол Улсын иргэн Б-тэй холбоотой асуудалд анхнаас нь өндөр ач холбогдол тавьж ирсэн. Иргэн Б нь БНХАУ-д хулгайн хэрэгт саатуулагдаад байсан.

Энэ хугацаандаа эрүүл мэнд нь эрс муудаж, маш хүнд өвчтэй болсон учраас түүний гэр бүлийн хүсэлтээр тухайн иргэнийг хүмүүнлэгийн шугамаар эх оронд нь авчрах хүсэлтийг ГХЯ, Бээжин дэх ЭСЯ-ны консулын газарт  удаа дараа тавьсан. 

Мөн Гадаад Хэргийн сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад Харилцааны туслах сайдтай уулзах үеэрээ хичээнгүйлэн энэ асуудлыг судалж, дэмжлэг үзүүлээч гэсний үр дүнд наймдугаар сарын 18-нд иргэн Б-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож эх оронд нь авчирсан. Б-г ирсэн даруйд нь түүний хуурай дүү гэх хүн ОНМХ-ээр "Хятадын шоронд хилс хэргээр саатуулагдсан, Хятадын хууль хяналтын байгууллагууд түүнд шударга бус хандсан " гэх мэт ташаа мэдээллүүдийг гаргасан нь үнэхээр харамсалтай байна. Энэ асуудалд бид Хятадын Элчин сайдын яаманд зөв ойлголт өгөхөөр ажиллаж байгаа" гэв.