"Говьмастер ХХК" хууль бусаар үйл ажиллагаа явуулж, 12 өрхийг оршин суух газаргүй болгов

Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хэрхэн зөрчдөгийг "Говьмастер" ХХК харуулж байна. Тус компани нь жонш олборлох эрхээ авч чадаагүй атлаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар баг "Цагаан өндөр"-т үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Үүнээс болж, тус сумын хоёрдугаар багийн 12 айл өрх өвөлжих өвөлжөөгүй болж, хахир өвлийг хаана өнгөрөөхөө мэдэхгүй сууна.  Олон жил идээшиж дассан өвөлжөө гэдэг бол үндсэндээ малчдын өмчөөс ялгаагүй. Ийм байсаар байтал тус компани хайгуулын лиценз нэрээр малчдын өвөлжөө бууцанд дураар халдаж, алгын чинээ цагаан цаасаар бамбай хийж ил цагаан дээрэм явуулж байна

"Цагаан өндөр" гэх газар нь малын бэлчээрийн нөөц ихтэй хамгийн үржил шимтэй газар юм. Тус газарт 10000 гаруй толгой мал өвөлждөг. Иргэд ч оторлохоор очдог, хадлан тэжээл сайтай газар юм байна. Тиймээс нутгийн иргэд хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөнд шунасан хүмүүсийн гарт өгч, газар нутгаа сийчүүлэхгүй хэмээн эсэргүүцэж байгаа юм. Тиймээс өнөөдөр нутгийн хэсэг иргэд АМГ-ын үүдэнд эсэргүүцлийн бичиг барихаар болоод байгаа бол нутгийн иргэд нутагтаа суулт хийж байгаа юм байна. 

"Говьмастер" ХХК нь 2014 онд жонш олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын Ерөнхий газарт /АМГ/ хандаж байжээ. АМГ-аас бичиг баримт дутуу хэмээн зөвшөөрөл өгөлгүй буцаасан байна. Гэтэл тус компанийнхан сумын ИТХ хандсан боловч ИТХ-аас  мөн зөвшөөрөл олгохгүй гэсэн хариу өгч байжээ.

Ингээд зөвшөөрөл авч чадаагүй "Говьмастер" ХХК сураггүй алга болж, 2016 онд гэнэт А лицензээ авсан хэмээн жонш олборлох үйл ажиллагаа эхлүүлсэн байна.  Ингэхдээ нийт 570.77 га газрыг эзэмшиж эхэлжээ. 

Үйл ажиллагаагаа эхлэхдээ тэд нутгийн иргэд битгий хэл орон  нутгийн удирдлагуудтай ч уулзалгүй шууд дур мэдэн  бэлчээрийн нутгийг ухаж сэндийчиж эхэлсэн байна. Тиймээс жонш олборлох үйл ажиллагааг нь хууль бус хэмээн нутгийн иргэд үзэж байгаа юм. 

Хууль бус гэдэг талаасаа бол хангалттай баримт байгаа юм. 

Баримт 1

Тус компани нь жонш олборлох шаардлага хангаагүй, материалаа ч холбогдох газарт нь хүргүүлээгүй байна. 

Баримт 2

Үйл ажиллагаа явуулах нь эрхээ хэзээ авч, хэзээ цуцлуулсанг нь доорх хүснэгтээс харж болно. 

 

 

Ийнхүү эрх нь цуцлагдсан компани үржил шимтэй хөрс бүхий малын бэлчээрийн газрыг сийчин сэндийчих гэж байна. Үе улиран нутаглаж ирсэн малчдын бэлчээрийг ийнгэж ил цагаанаар дээрэмдэж байна.

Байдал ийм байсаар байхад  зөвшөөрөл олгодог гэх АМГ-ынхан, АМГ-ын дарга нар ч өнөөдрийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий мэт сууна. Тиймээс нутгийн иргэдийн төлөөлөл яг одоо АМГ-ын үүдэнд цуглаад байгаа юм.

Иймд энэхүү асуудлыг анхааралдаа авч, газар нутаг, үе улиран нутаглаж ирсэн нутгийн иргэдийн эрх ашгийн  төлөө зөв шудрагаар  шийдэж өгөхийг АМГ-аас дарга Б.Баатарцогт танаас  хүсч байгаа юм.

Үргэлжлэл бий...