Саатуулагдсан А, Ж нар нь цагдаагийн ажилчид байжээ

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх асуудалтай холбогдуулан гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.

Тодруулбал, уг хэрэгт иргэн Ч.Батболд болон иргэн А, Ж нарыг холбогдуулан саатуулсан юм. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн мэдээлж байгаагаар, А, Ж нар нь цагдаагийн албан хаагчид байсан гэлээ. Энэ нь ч үнэний ортой бололтой. Учир нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар цагдаагийн албан хаагчдыг АТГ шалгадаг болсон. Тэгэхээр баривчлагааг АТГ гүйцэтгэсэн гэхээр саатуулагдсан А, Ж нар нь цагдаагийн албан хаагчид байх магадлал тун өндөр байгаа юм.

Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Прокурорын зөвшөөрлөөр баривчлан саатуулсан нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Тэгвэл уг хэрэгт саатуулагдаад буй цагдаагийн албан хаагч А нь У.Хүрэлсүхийн маш ойрын хамаатан хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Юутай ч АТГ-ын ажилчид саатуулсан гурван иргэнээс байцаалт авч эхэлжээ. Хэргийг хэн зохион байгуулсаныг тун удахгүй хуулийн байгууллага шалгаж тогтоох байх.

Б.Анир

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/165861d4g