Галт сумын Идэрийн гол эвхэгддэг хөвдөг гүүртэй болов

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн гол 700 сая төгрөгний өртөг бүхий эвхэгддэг хөвдөг гүүртэй боллоо. Идэрийн гол цөн түрж хөлддөг учраас намар нь хураан авч хавар нь угсарч байхаар хийсэн байна. Гүүрийг Хөвсгөл аймгийн Урагшлах компани хийж гүйцэтгэжээ.


Идэрийн гол их үерлэдэг учраас Зүрх багийн иргэд багийн төв орохын тулд сумын төвөөр тойрон 120 гаруй километр явж Зүрх баг орж багийн даргын тодорхойлолт, багийн эмчид дуудлага өгдөг байсан бол хөвдөг гүүртэй болсноор 60 км яваад төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ. Хөвдөг гүүр ашиглалтан орсноор Зүрх багийн 3 иргэн ажлын байртай болж байгаа бөгөөд гүүрний ашиглалт, хамгаалалтыг эхний 3 жил гүйцэтгэгч компани хариуцах бол дараагийн жилээс нутгийн иргэд хариуцах ажээ. Галт сумын Зүрх баг нь сумын төвөөсөө 60 км алслагдсан мал сүргийн тоо толгойгоор улсдаа дээгүүрт ордог багийн төвдөө сургууль, эмнэлэгтэй, 1500 гаруй хүн амтай баг ажээ.